Мэндчилгээ

Өмнөговь Политехник коллеж 1963 онд Өмнөговь аймгийн Булган сумд үүсэн байгуулагдсан цагаас хойш эдүгээ 60 жилийн түүхийг бүтээжээ. Ийнхүү аймаг, орон нутагт мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсний тэгш дүүрэн 60 жилийн ойн баярын мэндийг сургуулийнхаа үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, суралцагч, төгсөгч, аймаг орон нутгийн удирдлагууд, хамтран ажилладаг түншлэгч байгууллагууддаа өргөн дэвшүүлье.

Монгол улсын хэмжээнд улс ардын аж ахуйн салбарыг мэргэжилтэй ажилчдаар хангах хөдөлгөөн өрнөж, МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолоор тус сургууль үүсгэн байгуулагдаж, ХАА, барилга, уул уурхай, эрчим хүчний салбарын 16 мянга гаруй ур чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн 60 жилийн түүхтэй Мэргэжлийн Боловсролын салбарын ууган сургуулиудын нэг билээ.

Өмнөговь Политехник коллеж нь 1963-1969 онд Залуу малчны сургууль, 1969-1991 онд Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн Сургууль, 1991-2014 онд Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, 2014 оноос Өмнөговь Политехник Коллеж болон өргөжсөн түүхэн хөгжлийн замыг туулж, уламжлал түүхээ улам бататган, шинэ цагийн шинэ түүхээ бичсээр байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Австралийн Засгийн газар, Монголын Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банк, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр сургалтын хөтөлбөр, агуулга стандарт шинэчлэгдэж, багшлах боловсон хүчин чадавхжиж, сургалтын орчин сайжран хүний эрх, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн бүтээн байгуулалт урагш тэмүүлсэн амжилтаараа манай хамт олон түүхт 60 жилийн ойгоо угтаж байна.

Улс орны хөгжил цэцэглэлтийн түүчээ болсон Мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд өөрийн залуу нас, мэдлэг боловсролоо зориулан ажиллаж ирсэн болон ажиллаж байгаа үе үеийн хөдөлмөрч, бүтээлч хамт олондоо 60 жилийн ойн баяр тохиож буй энэ цаг мөчид талархал илэрхийлж, эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Хүндэтгэсэн:
Политехник Коллежийн
захирал Ч.Эрдэнэтуяа