1991 онд шинэ шаардлага, зах зээлийн хөгжлийн хандлагаар Техник Мэргэжлийн Сургуулийг Сайд нарын зөвлөлийн 192 дугаар тогтоолоор Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв болгон өргөтгөн, зохион байгуулах шийдвэр гарчээ. 1991 оны хичээлийн жилд МСҮТ Захирал Л.Эрдэнээ, дэд захирал Ж.Нямсан, ерөнхий нягтлан А.Долгормаа, ҮЭХ-ны дарга С.Цэцэгмаа нар удирдлагаар ажиллаж байлаа. Мөн 26 багш, мастер 38 ажилтантай ажиллаж мал аж ахуй өргөн мэргэжил, малын санитарч, жимс ногоочин, өрөмдмөл худгийн монтаж моторчин угсрагч засварчин , тэжээл бэлтгэл, механизаторчин, шаварчин, будагчин, өрөг угсрагч мэргэжлээр Дундговь, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудаас ЕБС-ийн 8-р анги төгссөн сурагчдыг элсүүлэн суралцуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг байв. Сургууль нь онц төгсөгчдөө дараагийн шатны сургуульд элсүүлэн суралцуулдаг байлаа.
1990-ээд оны эхээр улс орон даяар зах зээлийн харилцаанд шилжиж нийгэм эдийн засгийн эхний жилүүдэд үйлдвэрлэл аж ахуйн салбарын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, үндэсний үйлдвэрлэлийн уналт, эдийн засгийн нөхцөл байдал зогсох байдалд хүрсэн нь мэргэжлийн сургуулиудын хөгжилд сөрөг нөлөө авчирсан нь мэдээж. Сургуулийн элсэлт бууран суралцагсдын тоо цөөрч, багш нар дутагдаж байсан бэрхшээл ч тус сургуулийг тойроогүй. Ирээдүйдээ итгэлтэй эзэмшсэн мэргэжилдээ үнэнч багш, ажилчид, удирдлагууд тэрхүү хүнд нөхцөлийг даван туулж чадсан нь бахархалтай.
МСҮТ-ийн эрхэм зорилго бол даяаршлын эрэнд улс орны чиг хандлага, эдийн засаг нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага, хувь хүний ашиг сонирхолд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал байв.
МСҮТ нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын материаллаг бааз сууриа улам бэхжүүлэн, техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, мэргэжлийн боловсрол сургалтын стандарт агуулгыг хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын шаардлага, хэрэгцээнд тулгуурлан боловсронгуй болгож, суралцагсдад гадаад хэл, компьютерын зохих боловсрол олгох, орчин үеийн арга барилаар сургаж чадах өндөр мэргэшлийн багш нарыг бэлтгэн, тэднийг давтан сургах, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж, үр дүн, ажилт бүтээл нь улам өргөжжээ.
2002 оноос Мэргэжлийн анхан шатны боловсрол, бүрэн дунд боловсролыг хамтад нь олгох сургалтыг зохион байгуулдаг болов. Энэ үед сургууль нь 40 гаруй багш, ажиллагсад, 500 суралцагчидтай. Нэг ээлждээ 500 гаруй сургалцагч хичээллэх 3 давхар хичээлийн байр, үйлдвэр сургалт явуулах лаборатори, дадлагын газар, 100 хүүхдийн дотуур байр, компьютерын иж бүрэн лаборатори, цайны газар, номын сан, соёлын төв бүхий сургалтын орчныг бүрдүүлэн ажиллажээ. Мөн 8 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж, тухайн жилд материаллаг баазаа улам сайжруулж, мужааны цех, нарийн боовны цехтэй болж, Авто жолооны сургалтыг 4 авто машинтайгаар тогтмол хичээллүүлэн эхэлсэн байна.
2010 оноос Мэргэжлийн боловсрол сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилласан. Энэ хугацаанд Монголын Мянганы сорилтын сан, Оюу Толгой ХХК, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол төсөл” хэрэгжиж сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хийгдсэн нь сургалтын чанар, үр өгөөж дээшлэхэд чухал ач холбогдол өгсөн байна.
Оюу толгой ХХК ийн төслөөр Оюутны 108 хүүхдийн дотуур байрыг 2013 онд ашиглалтад оруулж дотоод тохижилтыг иж бүрэн хийж сурагчдын амьдрах суралцах таатай орчныг бүрдүүлж чадлаа.